“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ӨӨР 27414 ШИРХЭГ МОД, СӨӨГ ТАРЬЛАА


Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлигийн дагуу жил бүрийн 05 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулдаг билээ. 
 
2020 оны хаврын бүх нийтээр мод тарих өдөр 05 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд тохиосон боловч гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйн тулд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил газартаа, гэр хорооллын айл өрхүүд хашаандаа мод тарьлаа. 
 
5 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн 10437 м2 талбайд зүлэгжүүлэлт хийн, 4292 м2 талбайд цэцгийн мандал байгуулж, гэр хорооллын 1006 өрх хашаандаа 11223 ширхэг мод тарьж, нийт 6399 иргэн, 985 аж ахуйн нэгж байгууллага нийт 27414 ширхэг мод сөөгийг тарьсан байна. 
 
Мөн энэ жилийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг угтаж, 5 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гацуурт тосгоны Хар усан тохойд байрлах Минж үржүүлгийн төвийг түшиглэн “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд “Улаанбаатар хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үрсэлгээний төв”-ийг ашиглалтад орууллаа. 
 
Тус үрсэлгээний төв нь бороожуулагч, мананжуулагч, дуслын усалгааны систем бүхий 6:30 метрийн хэмжээтэй 2 ширхэг энгийн хүлэмж, хүлэмжийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн иж бүрдэл, иргэдийн экологийн боловсрол зориулсан модлог ургамал тарьж ургуулахад шаардлагатай техник хэрэгслийн үзүүлэн, хэрэглэх заавар бүхий мэдээллийн булантай.
 
Мөн энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад экологийн боловсрол олгоход зориулж нийслэлийн 8 дүүргийн нутаг дэвсгэрт  тус бүр 3 га талбайг дүүргүүдийн “Төгсөгчдийн төгөл” болгохоор шийдвэрлэснийг мэдэгдэж, байршлуудыг танилцууллаа.
 
Жил бүр олон мянган сурагчид төгсөлтийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхдээ хамт олноороо “Төгсөгчдийн төгөл”-дөө өөрсдийн дурсамжаа үлдээх мод тарих боломжтой болсны дээр энэ удаад хүлэмжид сибирийн шинэс, шар хуайс, хайлаасний үрийг тарьж ургуулан, хүлэмж тойруулан бургас болон улиас модны 1000 ширхэг тарьцыг ногоон зурвас байгуулах зорилгоор тарих ажлыг зохион байгуулсан. 
 
Ирэх жилээс тус хүлэмжээс 40,000 орчим суулгац гарах ба энэ нь нэг жилд ерөнхий боловсролын сургууль төгсөх төгсөгчдийн хэрэгцээг бүрэн хангах хэмжээний тарьц нийлүүлж, агаар орчны бохирдол, тоосжилтыг бууруулахад багагүй нөлөө үзүүлэх юм.