“ТҮГЭЭМЭЛ-2020” ХАМТАРСАН ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА


Урин дулааны улирал ирж барилга, зам гүүрийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбоотой түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа эрчимжиж байгаа билээ. 

Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд болон тусгай зөвшөөрөлгүй этгээдийн хууль бусаар явуулж байгаа үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийг хуульд заасны дагуу шийдвэрлэх зорилгоор 2020 оны 1 дүгээр сард Цагдаагийн ерөнхий газрын бүтцэд шинээр байгуулагдсан Экологийн цагдаагийн албатай нийслэлийн Байгаль орчны газар хамтран “ТҮГЭЭМЭЛ-2020” хэсэгчилсэн арга хэмжээний төлөвлөгөө батлан ажиллаж байна. 
 
Энэ ажлын хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа харьцангуй өргөн явагддаг төвийн 4 дүүргийн хэмжээнд хяналт, шалгалтыг тогтмол хийж ажилласнаар хууль бусаар хайрга ашиглаж байсан, уурхайн ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй элс олборлож байсан зэрэг хэд хэдэн зөрчлийг илрүүлэн, шалгаж, Прокурорын байгууллагад шилжүүллээ.