ГОЛ, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ САМБАРУУДЫГ БАЙРШУУЛЛАА


Нийслэлийн нутаг дэвсгэрт усархаг аадар бороо орж үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх зорилгоор иргэд олноор зорчин аялж зугаалдаг, амардаг, отоглон хонодог гол, нуур, цөөрөм, гүн нь тодорхойгүй тогтоол устай байршлуудыг тогтоон шаардлагатай газруудад самбар суурилуулах ажлыг зохион байгууллаа.  
 
Тус газрын албан хаагчид нийслэлийн нутаг дэвсгэрт байршил тогтоох эргүүл, шалгалтыг хийсний үр дүнд Баянзүрх дүүргийн Гачуурт, Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Хуайндай, Хонхор зэрэг нийт 10 байршилд, Хан-Уул дүүргийн Биокомбинат болон гэр хорооллын орчим, Үйлдвэрийн ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс зэрэг 3 байршилд, Сонгинохайрхан дүүргийн Хун нуур, Хүйн гол, карьерийн ухмалаас үүссэн нуур зэрэг 4 байршилд, Сүхбаатар дүүргийн Шарга морьтын гүүрний доод талын 1 байршилд тус тус гол, усны аюулаас сэргийлэх мэдээллийг нэн тэргүүнд гаргах хэрэгтэй гэж үзсэн.  
 
Нийслэлийн иргэд, оршин суугчид агаар салхинд гарахдаа гол, усны аюулд өртөх эрсдэл бүхий Туул гол, байгалийн тогтоцоор болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр үүссэн нуур цөөрмүүд болох дээрх газруудын дэргэд анхааруулга, сэрэмжлүүлгийн мэдээллийг тусгасан 2:1 метрийн хэмжээтэй нийт 18 самбарыг  2020 оны 6 дугаар сарын 20-28-ний өдрүүдэд суурилуулан, гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүллээ.