ТҮЙМРИЙН ХАЛЗ ЗУРВАСЫГ СЭРГЭЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ


Монгол орны түймрийн эрсдэлтэй бүс нутгийг 4 зэрэгт хуваан авч үздэг бөгөөд нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газар нь түймрийн эрсдэлийн зэргээр 2-р бүс буюу “Аюулын зэрэг өндөр” гэсэн ангилалд багтдаг. 1960-1999 оны хооронд нийслэлийн ногоон бүсэд ойн түймрээс хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, 40 метрийн өргөнтэй, 2 км хүртэлх урттай, нийт 10 зурвасыг байгуулж байсан бол сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд түймрийн халз зурвас сэргээх ажил хийгдээгүй юм. 
 
Нийслэлийн нутаг дэвсгэр дээр түймрийн халз зурвас байгуулах ажлыг 2017 он, 2018 онуудад хийлгэхээр нийслэлийн төсөвт тодорхой зардлыг тусгуулан нээлттэй сонгон шалгаруулалт явуулж байсан боловч төсөвт өртөг бага гэх шалтгаанаар тус ажлыг гүйцэтгэх хүсэлтэй нэг ч аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулалтад оролцоогүйн улмаас тус ажил хийгдэх боломжгүй байсан. 
 
БОАЖЯ, Ойн судалгаа хөгжлийн төв УТӨҮГ-ийн дүгнэлт, нийслэлийн Онцгой байдлын газрын саналд үндэслэн түймэрт өртөх эрсдэлийн зэрэг болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг харгалзан эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бага баянгаас Халзангийн ам руу чиглэсэн зурвас, мөн хорооны Шарга морьтын эхнээс зүүн хойш чиглэсэн нийт 2 км урттай 2 байршилд түймрийн халз зурвас шинэчлэн сэргээхээр сонгоод байна. 
 
Энэ жилийн хувьд түймрийн халз зурвас шинэчлэн сэргээх ажлыг холбогдох хуулийн дагуу нээлттэй зарлаж, тус ажлын гүйцэтгэгчээр Батлан хамгаалах яамны харьяа ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй Зэвсэгт хүчний 310 дугаар анги шалгарч, гэрээ байгуулан ажиллаж байна.     
 
Түймрийн халз зурвас байгуулах, шинэчлэн сэргээх ажлыг хэрэгжүүлснээр ой, хээрийн түймэр гарах, тархах аюулыг багасгах, түймрийн эрчмийг сааруулах, түймрийн тархалтын хурдыг бууруулах, түймэр зогсоох төдийгүй ногоон бүсэд амьдарч буй иргэд, айл өрхийн эд хөрөнгө, амь нас эрсдэлд орох аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зэрэг олон төрлийн ач холбогдолтой юм.