НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ОЛОН УЛСЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН БОЛЛОО


Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид Олон улсын байгаль хамгаалагчдын холбооны гишүүн боллоо. 1992 онд ИБУИНВУ-д байгуулагдсан уг холбоонд өдгөө 65 орны байгаль хамгаалагчид, мэргэжлийн холбоод гишүүнчлэлтэй байдаг.
 
Нийт байгаль хамгаалагчдын 82% нь амь нас эрстэх аюултай нөхцөлд ажиллаж байгаа ба 2009-2019 онд 1,027 байгаль хамгаалагч ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан байна. Олон улсын хэмжээнд байгалийн нөөцийн хууль бус ашиглалт өнөө хир явагдсаар байгаа тул эдгээртэй тэмцэхийн тулд байгаль хамгаалагчдын нийгмийн хамгаалал, аюулгүй байдал, чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах, ажиллах нөхцөлийг дээшлүүлэх, технологи ашиглалтыг сайжруулах, эмэгтэй байгаль хамгаалагчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Гишүүн болсноор эдгээрт чиглэсэн төсөл, хөтөлбөрт хамрагдах, хамтран ажиллах боломж бүрдэнэ.
 
Нийслэлийн Байгаль орчны газраас 2018 оноос эхлэн байгаль хамгааллын Кампус сантай хамтран байгаль хамгаалагчдад зориулсан цахим сургалтын модулийг Улаанбаатар хотод бэлтгэж, 9 дэх удаагийн Дэлхийн байгаль хамгаалагчдын чуулга уулзалтад оролцон туршлагаа хуваалцах, сургалтад хамрагдах зэргээр холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн юм.