Цагаан зээрийг хамгаалах ажлыг зохион байгуулж суурьшлын бүсээс гаргалаа


Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн суурьшлын бүсэд 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олон тооны цагаан зээр /Procapra gutturosa/ орж ирсэн тухай дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газрын холбогдох албан хаагчид ажиллаж шинэ нисэх буудлын хурдны зам болон орон нутгийн авто замд хашигдан үлдсэн цагаан зээрийн сүргийг эх сүрэгт нийлүүлж, 400-500 орчим тоо толгойг нь тус дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт түр хугацаагаар хамгаалалтад авч ажилласан.

Зээрийн сүргийг түр хамгаалах төлөвлөгөө боловсруулах цахим хурлыг Нийслэлийн Байгаль орчны газар, БОАЖЯ, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Амьтны эрх хамгаалах ТББ болон салбарын судлаачдын бүрэлдэхүүнтэй зохион байгуулан авто замын тэмдэг тэмдэглэгээ байршуулах, эргүүл шалгалтыг тогтмол явуулах, зэрлэгшсэн нохой устгал хийх ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Төлөвлөгөөний дагуу мониторинг ажиглалтыг хийхэд зээрийн сүрэг авто машин болон хүнээс үргэх явцдаа олон хэсэг хуваагдах, төмөр торон хашаанд сүлбэгдэх зэрэг эрсдэлүүд тулгарч 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Байгаль орчны газрын 32 албан хаагчид хамгаалалтад байсан 300 гаруй тоо толгой цагаан зээрийг суурьшлын бүсээс гаргаад байна.

Хотын суурьшлын бүсийн тэлэлт, өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор зэрлэг амьтдын хоол тэжээлийн хомстол үүсч суурьшлын бүсрүү орж ирэх өндөр эрсдэлтэй тул зэрлэг амьтан чөлөөтэй нүүдэллэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Байгаль орчны газраас “Нийслэл хотыг ирэх 5 жилд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д Зэрлэг амьтны экологийн гарцыг 7 байршилд байгуулахаар тусган ажиллаж байна.