Ногоон бүсийн туруутан амьтдад биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.


Улаанбаатар хот орчимд 54 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэн /Агнуур зохион байгуулалтын тайлан 2016/ байдгаас хотын ойд Халиун буга /Cervus Canadensis sibiricus/, Бор гөрөөс /Capreolus pygargus/ зэрэг амьтад түгээмэл тохиолдоно.

Өвөл, хаврын тарчиг цагт ногоон бүсийн Халиун буга, Бор гөрөөс зэрэг туруутан амьтад эрдсийн дутагдалд орох, тарга хүч муудах зэргээс шалтгаалан идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэх, улмаар зэрлэгшсэн нохойд бариулах зэрэг эрсдэлүүд гардаг тул урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Байгаль орчны газраас Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ховор амьтдын тархац нутгийг хамгаалах, идэш тэжээлээр хангах, тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн жил бүр ногоон бүсийн зэрлэг амьтдад идэш тэжээл, хужир мараа тавих ажлыг үе шаттайгаар зохион байгуулсны үр дүнд туруутан амьтдын тоо толгой 20 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Энэ жилийн биотехникийн арга хэмжээ авах ажлыг ан амьтны мэргэжлийн байгууллага болох  ХААИС-ийн “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран амьтдын нягтшил ихтэй цэгүүд болох Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн  ногоон бүсийн 6 цэгт өвс, хужир байршуулж, үр дүнг баталгаажуулах автомат камерыг байршуулж, ажиглалт тандалт хийж байна.

Халиун буга, бор гөрөөсний тархац нутагт хужир байршуулахдаа шинэлэг байдлаар буюу унанги мод хожуулийг ашиглан хөрсөнд шингэж уусахаас сэргийлсэн, хүртээмжтэй, тогтмол сэргээх боломжтой хувилбарыг сонгон ажиллаж байна.

Цаашид уг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

- share

Сэтгэгдэл (0)