ХӨЛ ГАЗРЫН УРГАМЛЫГ АШИГЛАН ХӨРСНИЙ ДОРОЙТЛЫГ БУУРУУЛЪЯ


Хөл газрын ургамал нь бохирдсон, элэгдэж эвдэрсэн, доройтсон хөрсөнд урган олон зүйл ургамал шинээр ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг байгалийн ногоон нөхөөс юм. 

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын нийт газар нутгийн 13,6% буюу 53664,88 га талбайн хөрс их, бага хэмжээгээр доройтсоноос хөл газрын ургамлын тархалт нэмэгдэж, хүн амын дунд шарилж луулийн цэцгийн тоосноос үүдэлтэй харшил гэж нэрлэгдэх өвчний тохиолдол эрс ихэссэн. 

Манай оронд зонхилон ургадаг шарилж лууль болон бусад хөл газрын ургамал нь 7, 8 дугаар сард цэцэглэж, 9 дүгээр сард үрлэдэг тул хадалт, тайралтыг тухайн жилийн хур тунадасны хэмжээнээс хамааран 6 дугаар сарын сүүлээс 8 дугаар сарын сүүл хүртэл үе шаттайгаар хийдэг. 

Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр өөрийн эзэмшлийн газар, түүний ойр орчмын талбайд ургаж буй шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлын эхний тайралтыг 6 дугаар сарын сүүлээр 5-8 см, хоёр гурав дахь тайралтыг ургамлын өсөлтөөс хамааруулан 7, 8 дугаар сарын сүүлийн хагаст 8-10 см өндөртэй байхаар хадаж тайрна уу.  

Тайралтыг тогтсон хугацаанд 2-3 жил дараалан хийснээр хөрсний чийгийг тогтмол хэмжээнд байлгах, хөрсний бичил организмын амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөрсний доройтлыг бууруулж, ургамалжилт дахин бүрэлдэн тогтох нөхцөлийг бүрдүүлэхээс гадна хөл газрын ургамлын тоосны харшилаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.