ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ – 2030 ХӨТӨЛБӨРИЙГ НУТАГШУУЛАХ ТӨСӨЛ


Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон Далайн бүс нутгийн Нийгэм - Эдийн Засгийн Комисс (ЭСКАП), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр (НҮБ-Хабитат), Азийн сан байгууллагууд хамтран Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн Хотын нөөц баялгийн тогтвортой менежментийг нэвтрүүлэх замаар Тогтвортой Хөгжил – 2030 Хөтөлбөрийг нутагшуулах төслийн хүрээнд Улаанбаатар хот орчмын ой мод, ногоон бүсийн хамгаалалт, ойн нөөц баялгийн тогтвортой менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх замаар “Тогтвортой Хөгжлийн Зорилго – 2030” хөтөлбөрийг нутагшуулах, энэ чиглэлд орон нутгийн засаг захиргаа болон бусад оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх зорилготойгоор хоёр жил орчмын хугацаанд хэрэгжсэн төслийн хаалтын арга хэмжээ өнөөдөр болж өнгөрлөө. Төслийн хүрээнд Нийслэлийн Байгаль орчны газар болон нийслэлийн харъяа бусад байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөлтэй идэвхтэй хамтран ажилласан бөгөөд төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн судалгаа, шинжилгээний ажлууд, олон нийт рүү хандсан нөлөөллийн ажлуудын үр дүнг цаашид тогтвортой авч явж, бодит дата, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах үйл явцыг сайжруулах, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллах талаар хаалтын арга хэмжээн дээр талууд харилцан ярилцан, санал солилцлоо.