МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОЖ ХАМТРАН АЖИЛЛАНА УУ


Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр болсон Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх замаар экосистемийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулах зорилгоор 2012 оноос эхлэн Евразийн минжийг өсгөн Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулах ажил үргэлжилж байна.

Байгальд нутагшуулсан минжийг агнахыг завдах тохиолдлууд гарч болзошгүй тул минж нутагшуулсан байршилтай ойр амьдардаг нутгийн малчид болон аялал зугаалгаар явж буй иргэд холбогдох мэдээллийг нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780 дугаар утсаар холбогдон мэдээлэл өгч хамтран ажиллана уу.

Минж нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Нэн ховор амьтны” жагсаалтад багтсан бөгөөд Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.2 -т зааснаар " Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан.