ТҮЙМРИЙН УТАА ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?


Түймрийн утаа нь нүүрсний утаа, машины угаарын утаатай адилхан эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй. Түймрээс гарах утаанд агаар бохирдуулдагч азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, PM2.5, PM10 гэх мэт нарийн ширхэгт тоосонцрууд агуулагддаг. 
Их хэмжээний газар нутгийг хамарсан түймэр асар том утаан хөшиг татуулж улс дамнан бүрхдэгийг өнгөрсөн сард Сибирийн түймрийн утаа манай улсад орж ирэхэд хүмүүс маш тодоор мэдэрсэн шүү дээ. 

Түймрийн утаагаар амьсгалахад хоолой үрэвсүүлж амьсгал боох, ханиалгах, дотор муухайрах, толгой өвдөх зэрэг олон шинж тэмдэг илэрдэг. Ялангуяа архаг суурь өвчтэй, багтраа, харшилтай, зүрхний өвчтэй, бага насны хүүхэд, хэт мэдрэг, жирэмсэн эхчүүд, ахмад настнуудын эрүүл мэндийн байдлыг илүүтэй дордуулдаг. 
Ингэж богино хугацааны нөлөө үзүүлээд зогсохгүй урт хугацааны эрүүл мэндийн асуудал үүсгэж болзошгүй. Улмаар үхэлд ч хүргэх аюултай. 

    

Ойн түймэр нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хүртэл нөлөөлж байдаг. Энэ нь дахиад ойн түймэр ойр ойрхон гарах нөхцөлийг нэмэгдүүлдэг. Түймрийн дараах хор уршиг, сөрөг нөлөө хэмжээлшгүй их учраас түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм. 
Хэн нэгний хайхрамжгүй үйлдсэн маш жижигхэн буруу үйлдлийн улмаас ойн түймэр аймаг, хот, улс орон дамнан тархаж маш олон хүний эрүүл мэнд, амь насыг хохироодог гэдгийг ухамсарлацгаая. Асаасан шүдэнзээ унтартал нь гартаа барь, шар өвсийг бүү шатаа, хадаж цэвэрлэ, татсан тамхины иш, шатах материал бүхий хогийг байгальд бүү хая. 

#АлдвалГалдана
#Нэгshare2хүндхүрнэ
#Мэдээллээсилүүмэдлэгтэйбайцгаая